-Нарангийн энгэрийн уул нь хоёр, гурван байнгын урсацтай булаг, шандтай бөгөөд 2019 оноос эхлэн зундаа их хэмжээний үер буух, өвөлдөө халиа тошин үүсэх болсон. Үүнтэй холбоотойгоор зундаа сувагчлалыг нь өргөсгөх, шороон далан босгох ажлыг хийдэг ч өнөөдрийн байдлаар шороон далангууд мөсөөр дүүрч, ус чөлөөтэй урсах боломжгүй болоод байгаа юм. Иймд цаашид голын голдирол дагуу суурьшсан айл өрхүүдийн газрыг чөлөөлж, үерийн хамгаалалтын далан хийхээс нааш уг асуудал бүрэн шийдэгдэхгүй хэвээр байна.

