НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн бэлтгэл ажлыг төлөвлөх, угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, ашиглалтад оруулах, засварлах, шинэчлэх, өргөтгөх, техникийн нөхцөл олгох, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн холбогдох харилцааг зохицуулах, дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхой болгоход журмын зорилго оршино.
1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Иргэний хууль, Зөрчлийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Барилгын тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад оршино.
1.3.Энэхүү журмыг Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөнө.
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
2.1.Үерийн хамгаалалтын барилга, байгууламж” гэж үерийн аюулаас хамгаалах инженерийн хийц бүхий далан, тунгаагуур, далд боомт, энерги унтраах болон ус хуримтлуулах барилга байгууламж, дамжуулах шугам, сувгийг.
2.2.“Нийтийн аж ахуй хариуцсан нийслэлийн захиргааны байгууллага” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ашиглалтыг бодлого төлөвлөлттэй уялдуулан удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий нийслэлийн захиргааны байгууллага, нэгжийг.
2.3.“Эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллага” гэж нийслэлийн чиг үүрэгт тусгагдсан үерийн далан, суваг шуудуу тэдгээрт хамааралтай барилга байгууламжийн инженерийн бэлтгэл арга хэмжээг хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд төлөвлөлтийн санал гаргах, угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, засварлах, шинэчлэх, өргөтгөх, ус татан зайлуулах, дамжуулах, цэвэрлэх зэрэг хэвийн найдвартай үйлчилгээ үзүүлэх байгууллагыг.
2.4.“Ус зайлуулах шугам сүлжээ” гэж хур тунадас болон буурь сууриас гарсан газар доорх ус, барилгын гадна талбай, гудамж, авто замын байгууламжийн гадаргуугийн хурын усыг зайлуулах шугам сүлжээ, барилга байгууламжийг.
2.5.“Хөрсний ус зайлуулах шугам” гэж барилга байгууламж, зам талбайд сөрөг нөлөөтэй ул хөрсний усны түвшин доошлуулах зорилго бүхий инженерийн хийцтэй байгууламжийг.
2.6.“Үерийн аюулаас хамгаалах” гэж үерийн аюулыг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, үерийн аюулыг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг.
2.7.“Үерийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” гэж үерийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, урьдчилан сэргийлэх, үерийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг.
2.8.“Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх” гэж хотыг үерийн усны гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор хотын хэсэгчилсэн болон бүсийн ерөнхий төлөвлөгөөний инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, бүтээн байгуулалт, засвар шинэчлэлт, ашиглалтын үйл ажиллагаа, хяналт, олон нийтэд үерийн эрсдэлийн мэдээ мэдээллийг таниулах суртал, сурталчилгааны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг.
2.9.“Хамгаалалтын зурвас” гэж инженерийн бэлтгэл ажлын хэвийн найдвартай үйл ажиллагааг төлөвлөх, ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тодорхой хязгаарлалт тогтоосон газрыг.
2.10.“Техникийн нөхцөл” гэж инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, өргөтгөл, шинэчлэлт болон шинээр барих, өргөтгөх барилга, авто зам, замын байгууламжийг инженерийн бэлтгэл ажлын нэгдсэн сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан эрх бүхий байгууллагаас гаргах шийдвэрийг.
ГУРАВ. ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1.Нийслэлийн томоохон голын эргийн бэхэлгээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтлах. Үүнд:
3.1.1.Туул голын хамгийн их урсцын 0.1%-ийн хангамшлаар тооцож, урсац тохируулгатай, хамгаалалтын зурвасыг тохижилттой байхаар.
3.1.2.Сэлбэ, Дунд гол, Улиастай, Толгойт, Бөхөг, Түргэн, Хөлийн голуудыг хамгийн их урсцын 1%-ийн хангамшлаар тооцож, усан толион талбайтай урсац тохируулгатай, хамгаалалтын зурвасыг тохижилттой байхаар.
3.1.3.Бусад үерийн хамгаалалтын сайр, жалгыг хамгийн их урсцын 1%-ийн хангамшлаар тооцож, хамгаалалтын зурвасыг тохижилттой байхаар.
3.1.4.Үерийн усны энерги унтраах болон ус хуримтлуулах, цуглуулах, хагшаас тунгаах, ус татан зайлуулах олон зориулалт бүхий байгууламж, шугам сүлжээтэй байхаар.
3.2.Үерийн хамгаалалтын далан, суваг, ус цуглуулах, хагшаас тунгаах байгууламжийг төлөвлөхдөө цэвэрлэгээ үйлчилгээ жигд явуулах зорилгоор машин, механизмын орц, гарцтайгаар.
3.3.Үерийн хамгаалалтын далан, суваг, ус цуглуулах, хагшаас тунгаах байгууламжийг норм дүрэм стандартыг баримталж хамгаалалтын хайс, хашлагатай байхаар.
3.4.Инженерийн бэлтгэл ажлын хамгаалалтын зурвасыг явган хүний зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн тохижилттой байхаар.
3.5.Жижиг хэмжээний үерийн хамгаалалтын барилга байгууламжийг далд /битүү/ хийсэн тохиолдолд лаг хагшаас хуримтлуулах тунгаагууртай, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ явуулах боломж нөхцөлийг хангахаар.
3.6.Авто зам доорх ус гаргуур түүнтэй ижил төстэй ус зайлуулах байгууламжуудын хөндлөн огтлолын талбай нь үндсэн үерийн хамгаалалтын далан, сувгийн хөндлөн огтлолын талбайтай ижил байхаар.
3.7.Үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж дээгүүр хөндлөн гарах гүүрэн байгууламжийг хэсэгчилсэн төлөвлөлттэй уялдуулах.
3.8.Хатуу хучилттай гудамж, замын зорчих хэсгийг өргөтгөх, шинэчлэн засварлах, шинээр байгуулахдаа түүн дотор байрлаж буй борооны ус хүлээн авч зайлуулах худгийг зорчих хэсгээс замын хашлага дагуулж ус урсах ховилын нам дор цэгт зөөх, шинээр байгуулах.
3.9.Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах орон сууц, олон нийтийн барилга, авто зам, замын байгууламжийг ус зайлуулах шугам сүлжээтэй төлөвлөж, ашиглалтад оруулах.
3.10.Зураг төслийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь барилгын норм дүрмийг баримтлан боловсруулж эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагатай зөвшилцөж батлуулах.
3.11.Үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто замын ус зайлуулах шугам сүлжээ төлөвлөхдөө өндөржилт, ус хурах талбайгаар бус нийт ус хурах талбай, уулаас ирэх үерийн усны түрэлт болон урсцыг тохируулах байдлаар байгууламжийн хийц диаметр хөндлөн огтлолыг тооцох.
ДӨРӨВ. ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ
4.1.Эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллага нь төлөвлөгөөний дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламжийн лаг, хагшаасыг цэвэрлэж зайлуулан үерийн усыг чөлөөтэй нэвтрүүлэх нөхцөлийг хангах.
4.2.Эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллага нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, нөхөн сэргээлтийн ажлыг норм стандартын дагуу хийж гүйцэтгэх.
4.3.Үер усны гамшиг, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн болзошгүй хохирлыг бууруулахад чиглэгдсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжид тогтмол үзлэг шалгалт хийж шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллах.
4.4.Эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллага нь өөрийн эзэмшлийн мониторингийн цооног, ус татан зайлуулах өргөлтийн насос станцын цэвэрлэгээ үйлчилгээ, засвар нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулж хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах.
4.5.Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүтээн байгуулалт угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ үерийн усны түрэлт болон урсцыг тохируулах байдлаар өндөржилт, геодезийн сүлжээг мөрдүүлж норм стандартын дагуу барилга байгууламжийг барих.
4.6.Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадна ирмэгээс гадагш 10 м, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын гадна ирмэгээс гадагш 5 м зайтай байхаар тогтоох.
4.7.Шинээр ашиглалтад орсон үерийн хамгаалалтын барилга байгууламжийн эд хөрөнгийг ашиглалтад хүлээн авч, эд хөрөнгийн данс бүртгэлд бүртгэж хамгаалалтын дэглэмийг сахиулах, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.
4.8.Үер усны гамшиг, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагын хувьд аж ахуйн нэгж, иргэдэд соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
4.9.Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, хяналтын газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хамгаалалтын зурваст олгогдсон газарт зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг буулгах, газар чөлөөлүүлэх саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх.
4.10.Хамгаалалтын зурвасын дэглэмийг сахиулах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн хийц бүтээцийг эвдэж сүйтгэсэн, үерийн ус нэвтрүүлэх чадварыг алдагдуулсан тохиолдолд эзэмшигч байгууллага газар дээр нь зөрчил арилгуулах шуурхай арга хэмжээг авч хэвийн байдалд оруулах.
ТАВ. ТӨРИЙН БОЛОН ЭЗЭМШИГЧ, АШИГЛАГЧ, ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
5.1.Төрийн болон эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагын нийтлэг эрх, үүрэг:
5.1.1.Инженерийн бэлтгэл ажлын бодлого, төлөвлөлт, ашиглалт, хяналтын асуудал хариуцсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, Хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллага нь нийслэлийн иргэдийг үерийн эрсдэлгүй, эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
5.1.2.Нийслэлийн авто замын салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн хэмжээнд Хот байгуулалт, Хөгжлийн газар орон зайн төлөвлөлт, дахин төлөвлөлт, мэдээлэл болон барилгын зөвшөөрөл, хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй эрх бүхий байгууллагууд хотын өндөржилтийн нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан орон сууц, олон нийтийн барилга, авто зам, замын байгууламжийн тэг түвшинг архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгах;
5.1.3.Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт түүний хэрэгжилтэд хяналт тавих;
5.1.4.Хот байгуулалтын газар нь хот төлөвлөлтийн үйл ажиллагаа, орон сууц, олон нийтийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний холбогдох зөвшөөрөл олгохдоо инженерийн бэлтгэл ажлын техникийн нөхцөл, батлагдсан ажлын зураг төслийн бүрдэл хангасан эсэхэд хяналт тавих;
5.2.Төрийн байгууллагын эрх, үүрэг:
5.2.1.Нийтийн аж ахуй хариуцсан нийслэлийн захиргааны байгууллага, дүүрэг, хороо, Хотын стандарт, хяналтын газар, эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагууд нь инженерийн ажлын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд албан шаардлага тавих, зөрчлийг арилгуулах, нөхөн сэргээн засварлуулах, тодорхой хугацаагаар үйл ажиллагааг зогсоох болон захиргааны арга хэмжээ авах;
5.2.2.Нийтийн аж ахуй хариуцсан нийслэлийн захиргааны байгууллага нь улс, нийслэлийн болон хувийн хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн бэлтгэл ажлын зураг төсөл, угсралтын ажилд зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч, нэгдсэн удирдлагаар хангах;
5.2.3.Нийтийн аж ахуй хариуцсан нийслэлийн захиргааны байгууллага нь эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудад санал хүргүүлж шийдвэрлүүлэх, дэмжлэг үзүүлэх замаар инженерийн бэлтгэл ажлын бодлого төлөвлөлт, ашиглалт, арчлалт, хамгаалалтын үйл ажиллагааг бүх түвшинд сайжруулах;
5.2.4.Үер, хур тунадас, хөрсний ус болон буурь сууриас гарсан газар доорх усны эрсдэлийн үнэлгээ, судалгааг 5 жил тутам хийх арга хэмжээг авах;
5.2.5.Инженерийн бэлтгэл ажилд үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг харьяа дүүрэг, хороо хариуцах;
5.3.Эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагын эрх, үүрэг:
5.3.1.Инженерийн бэлтгэл ажлыг нөхөн сэргээх, засварлах, өргөтгөх, шинээр барих, тэдгээрт дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, үйл ажиллагааны чиглэлээр төлбөрт үйлчилгээ үзүүлэх;
5.3.2.Барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилт бүхий газрын гадаргад өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй ажлын зураг төсөлд өндрийн тодруулга гаргах, хяналт тавих, гүйцэтгэлийн зураглал хийх, ашиглалтад оруулах комисст оролцох;
5.3.3.Инженерийн бэлтгэл ажил болон мониторингийн цооног, усан сан бүхий бие даасан систем нэвтрүүлэхэд холболтын цэг заах, техникийн нөхцөл олгох;
5.3.4.Инженерийн бэлтгэл ажлын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэхэд шаардлагатай санхүүжилт хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлүүлэх;
5.3.5.Инженерийн бэлтгэл ажлын хөндлөн огтлолын талбайг багасгах, ус нэвтрүүлэх чадварыг алдагдуулах, хийц бүтээцэд өөрчлөлт оруулах зэрэг инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүй байрлуулсан тохиолдолд зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд холбогдох арга хэмжээ авч, хэвийн ажиллагааг хангах;
5.3.6.Инженерийн бэлтгэл ажил, түүний ашиглалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан болон хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдуулсан, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах нөхцөл байдал үүсгэсэн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл хяналтын үйл ажиллагаанд хөндлөнгийн хууль хяналтын байгууллагыг татан оролцуулах;
5.3.7.Ажлын зургийн техникийн даалгавраас зөрүүтэй, зураг төсөл болон техникийн хүчин чадал технологийн шаардлага хангаагүй бүрэн бус байгууламжийг ашиглалтад хүлээн авахаас татгалзах;
5.3.8.Инженерийн бэлтгэл ажлын хамгаалалтын зурвас бүхий газар нь эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагын эзэмшилд байх;
5.3.9.Эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллага нь авто зам, замын байгууламжийг ус зайлуулах нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийн дагуу төлөвлөх, хэрэгжүүлэх, өргөтгөн шинэчлэх;
5.3.10.Ажлын зураг төсөл нь техникийн шаардлага, стандарт, норм, дүрэм хангаагүй тохиолдолд зөвшилцөх, техникийн нөхцөл олгохоос татгалзах;
5.3.11 Үер ус, халиа, дошин зэрэг гамшгийн болон нийтийн эрх ашгийг хөндсөн нөхцөл байдал, аваар ослын үед гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагын аман болон бичгэн шийдвэрийг үндэслэн хариу арга хэмжээг өмчлөгч, эзэмшигч, хариуцагчаас үл хамааран шуурхай хэрэгжүүлнэ.
ЗУРГАА. ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
6.1.Инженерийн бэлтгэл ажлын хэвийн найдвартай үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангах хууль тогтоомж, норм дүрмийг хангуулах ажлын хүрээнд эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
6.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэн, хуулийн этгээд нь үерийн эрсдэлтэй бүсийг чөлөөлөх болон барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдал алдагдсан, зориулалтын бусаар ашигласан зэрэг зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох;
6.3.Инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, хийцийг өөрчилсөн, хамгаалалтын журмыг зөрчсөний улмаас үүссэн хохирлыг арилгаж, холбогдох зардлыг бүрэн хариуцах;
6.4.Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хүсэлтээр үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барьж байгуулсан тохиолдолд холбогдох журмыг үндэслэн Нийслэлийн өмчид бүртгэн авна;
6.5.Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст нийтийн эзэмшлийн эрх ашгийг хангах үүднээс тохижилтын ажил хийж гүйцэтгэхдээ эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагатай засвар, нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулах, ажлын зураг төслийг зөвшилцөх;
6.6.Барилга байгууламж, шугам сүлжээ барих, тоног төхөөрөмж суурилуулахдаа буурь сууриас гарсан газар доорх усыг шавхах тохиолдолд эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагатай гэрээ хийж, төлбөр төлснөөр инженерийн бэлтгэл ажил, усны барилга байгууламжийг ашиглах, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжаар дамжуулах трассыг холбогдох байгуулагатай зөвшилцөх;
6.7.Орон сууц, олон нийтийн барилга, авто зам, замын байгууламж төлөвлөх, өргөтгөх, шинэчлэн засварлахдаа үер, борооны ус зайлуулах шугам сүлжээ, ус шингээх арга технологийг хэрэгжүүлэх талаар тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр ажлын зураг төсөл боловсруулж, тусгуулан эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл авч, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэх;
ДОЛОО: ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВАХ, ӨМЧИД БҮРТГҮҮЛЭХ
7.1.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан болон өргөтгөл шинэчлэлт хийгдсэн инженерийн бэлтгэл ажлыг ашиглалтад оруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хүлээн авч, нийслэлийн өмчид бүртгүүлнэ.
7.2.Эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллага нь инженерийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн зургийг үндэслэн хамгаалалтын зурвасыг тогтоож хот байгуулалтын мэдээллийн санд оруулж, газрын эзэмшигч болно.
НАЙМ. ХОРИГЛОХ ЗҮЙЛС
8.1.Инженерийн бэлтгэл ажлын хамгаалалтын зурваст газар олгох, барилга байгууламж төлөвлөх, үйл ажиллагаа явуулах.
8.2.Инженерийн бэлтгэл ажлын хамгаалалтын зурвас бүхий газарт зөвшөөрөлгүй суурьших, ахуйн болон үйлдвэрийн бохир ус, хог хаягдал хаях.
8.3.Инженерийн бэлтгэл ажлыг зориулалтын бусаар ашиглах, хийц бүтээцийг өөрчлөх, хавтан тавих, зам талбай засах, зөвшөөрөлгүй гүүрэн гарц хийх, байгуулалтыг хэсэгчлэн зөөж шилжүүлэх, ус нэвтрүүлэх чадварыг бууруулах.
8.4.Инженерийн бэлтгэл ажлын дотор инженерийн шугам хоолой, бүх төрлийн кабель, агаарын шугамын тулгуур, цахилгаан хуваарилах байгууламж болон дэд станц, худгийн барилга угсралт хийх.
8.5.Барилгын суурь болон бусад нөхцөлөөр ул хөрсний усыг эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр инженерийн бэлтгэл ажил руу шавхалт хийх.
8.6.Ашиглалтын горим, ус нэвтрүүлэх чадварыг алдагдуулах, ахуйн болон үйлдвэрийн бохир усны шугам холбох үйл ажиллагааг хориглох.
8.7.Инженерийн бэлтгэл ажлын хамгаалалтын зурвас дотор нийтийн аж ахуй хариуцсан нийслэлийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөс бусад тохиолдолд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох.
ЕС. ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ЖУРАМ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
9.1.Журмын хэрэгжилтэд нийтийн аж ахуй хариуцсан нийслэлийн захиргааны байгууллага, Хотын стандарт, хяналтын газрын чиг үүрэг бүхий байгууллага болон эзэмшигч, ашиглагч, хангагч байгууллагууд тус тус хяналт тавина.
9.2.Энэхүү журмын 8 дугаар зүйлийг зөрчсөн иргэн болон хуулийн этгээдэд зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авна.
9.3.Журам зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтан, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
9.4.Эрх бүхий байгууллагад хүргүүлсэн инженерийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд засвар нөхөн сэргээлтийн нэн шаардлагатай ажлын саналыг шийдвэрлээгүйн улмаас гарсан үр дагаврыг холбогдох байгууллага хариуцах.
—о0о—